МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Мэндчилгээ

2012 оны 03-р сарын 18 Нийтэлсэн BLG

 Нийт ахмад дайчид, офицер, ахлагч, сонсогч, байлдагч, бэлтгэл цэрэгүүддээ МУ-д орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсгэн байгуулагдсаны 91 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн үеийн үед ард түмэн бидний бахархал, тусгаар тогтнолын бас нэг томоохон илэрхийлэл болсоор ирсэн билээ. Мөн блогоо дахин сэргээж ажиллуулах болсоноо мэдэгдэе.

МЭНДЧИЛГЭЭ

2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLG

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа!

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний дайчид аа!

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монгол цэргийн өнгөрсөн, одоо, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулан дархалж буй Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Түүхийн алтан хуудсыг шинэ шинэ хуудсаар баяжуулан зузаатгасан нэгэн оныг бид хамтдаа үдэж, хийж бүтээсэн бүхэндээ эрэмшин илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн нэгэн шинэ оныг угтаж байна.

Улиран одож буй 2010 онд Зэвсэгт хүчний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энхийг дэмжих болон олон талт үүргийн биелүүлэх боломж чадавхийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар төр засаг, батлан хамгаалах салбарын түвшинд олон бодитой алхамууд хийгдсэн он байлаа.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш орнуудтай төдийгүй НАТО-гийн орнуудтай харилцах харилцаанд ахиц гарч, даян дэлхийн энх амгалангийн төлөө манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн илүү өргөн хүрээтэй оролцох боллоо.

Энэ бүхэн нь Монголын Зэвсэгт хүчин төр засаг, иргэдийг итгэлийг хүлээж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд бэлэн байгаагийн нэгээхэн илэрхийлэл юм.

Айлчлан ирж буй 2011 онд Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жил, Зэвсэгт хүчний яруу алдарт 90 жилийн ой тохионо. Энэхүү түүхт ойнууд нь Монголын Улсын батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй хүн бүхний баяр, хүндэтгэн дээдлэх үйл явдал болох нь эргэлзээгүй билээ.

Бид шинэ оны зорилго, зорилтоо дэвшүүлэн хэрэгжүүлэх, цэргийн удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг улам бүр нэмэгдүүлэх, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, олон талт үүрэг гүйцэтгэх бэлтгэжилт, ахуй хангалт, нийгмийн хамгааллыг шийдвэрлэхэд улам их анхаарч тодорхой ахиц амжилтад хүрэх нь түүхэн ойдоо барих бидний хамтын бэлэг, нэр төрийн хэрэг байх болно.

Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо бодол санаа өрнүүн, зүтгэл чармайлт өндөр, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол төрийн мэлмий бат оршиж, Монгол цэргийн сүр хүч мандан бадрах болтугай !

М Э Н Д Ч И Л Г Э Э

2010 оны 03-р сарын 18 Нийтэлсэн BLG
   Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа!
     Хилийн чанадад энхийг дэмжих үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар аа!
     Дайнд оролцсон болон бэлтгэлд, чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

         Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсынхаа буурал түүхийг өртөөлөн Монгол цэргийн дайчин уламжлалыг өвлөн үргэлжлүүлж буй Та бүхэндээ 1921 оны 3 дугаар сарын 18-ны Хиагтын орчимд байгуулсан Монголын ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр буюу  орчин үеийн  Зэвсэгт хүчнийг  үүсгэж хөгжүүлсний 89 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг  өргөн дэвшүүлье.

        Монгол орны хөгжил, цэцэглэлт, ардчилсан нийгмийн байгуулалт нь ямагт улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд амин холбоотой байсан одоо ч тийм байгаа  бөгөөд энэ үйл хэрэгт Зэвсэгт хүчин онцгой үүрэг гүйцэтгэсэн гавъяатай юм. 

        Эх нутаг, газар шороо, элгэн саднаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, Төр түмний итгэл, найдварыг хүлээж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт  амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.

        Ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноор Монгол Улсын Зэвсэгт хүчний байгуулалтын шинэ үеийн эхлэлийг тавьж  морьт цэргээс морьт механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон өргөтгөн шинэчлэгдэж ирсэн бөгөөд 1990-ээд оны заагаас  мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчинтэй болох Төрийн бодлогыг  эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь өнөө үеийн бахархал мөн билээ. 

        Энэ хөгжил дэвшил нь Зэвсэгт хүчнийг 2015 онд хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, манай цэргийн баг дэлхийн халуун цэгт энхийг сахиулах, дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, эх орны бүтээн байгуулалтын болон бусад шинэлэг бөгөөд олон талт үүрэг зорилтууд манай салбарын өмнө тавигдаж байгаагаар  илэрхийлэгдэх болно.

         Ийнхүү Монгол цэрэг, Монголын Зэвсэгт хүчний дайчин алдрын түүхийг улам батжуулан хөгжүүлэх, Зэвсэгт хүчний өмнө тавьж буй Төрийн бодлого, зорилтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх нь Та бидний эрхэм үүрэг болж  байгааг  онцлон тэмдэглэж байна. 

       Баярын энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг билэгдэн ерөөе.

          Монгол цэргийн золбоо хийморь үеийн үед мандан бадартугай.


                               МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
                               БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД                                Л.БОЛД

Мэлдчилгээ

2010 оны 03-р сарын 18 Нийтэлсэн BLG

   Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа !

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилд өөрийн бодит хувь нэмэр, оюун билэг, бүтээлч хөдөлмөр, зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, чөлөөнд болон бэлтгэлд байгаа ахмад дайчид аа!

Хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа!

Та бүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Төр, засгаас улс орноо батлан хамгаалах хүч чадал, Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээ, анхаарал халамжийн үр дүнд манай бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнол, нутаг, дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах талаар хуулиар хүлээсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай биелүүлж байна.

Монголын Зэвсэгт хүчний түүхийн хуудас жилээс жилд улам баяжиж, амжилт бүтээл, дурсгалт үйл явдлуудаар өргөжин зузаарч байгаа билээ.

Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ван Ги Мүн манай оронд айлчлах үеэрээ Монгол цэргийн тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Димитрий Медведев, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нар Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Дархан -2” сургалт, дадлагын явцтай биечлэн танилцсан зэрэг нь гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Тэрчлэн Монгол Улс, ОХУ-ын ард түмэн, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Халхын голын байлдааны түүхт ялалтын 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн нь ахмад дайчдаа хүндэтгэн дээдлэх, иргэд, залуу, өсвөр үеийнхний эх оронч үзэл, хүмүүжлийг дээшлүүлэхэд чухал алхам болсон юм.

Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэлхий нийтийн энх тайвны үйлст оруулж буй хүч чармайлтаа нэмэгдүүлж, Сьерра Леон Улсад үүргээ урьдын адил амжилттай биелүүлж байгаагийн дээр Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Чад Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд анх удаа томоохон бүрэлдэхүүнийг оролцуулж байна. Түүнчлэн дэлхийн халуун цэг болсон Афганистаны Үндэсний Армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сургалтын хөдөлгөөнт багийг илгээсний дээр тус улсад явагдаж буй АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө”, НАТО-гийн тэргүүлсэн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулж энхийн үйлст хүчин зүтгэж байна.

Энэ бүхэн нь манай Зэвсэгт хүчний бүх талын чадавх, бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн болон мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц өгч байгаад эргэлзэхгүй байна.

Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчин 90 жилийн ойгоо угтаж, Эх орноо батлан хамгаалах болон хуулиар хүлээсэн олон талт чиг үүргээ амжилттай биелүүлэх, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, олсон ололт, амжилтаа бататгах, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах зорилтуудыг дэвшүүлэн бүтээлчээр ажиллаж, хөдөлмөрлөхийг уриалж байна.

Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН

ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ

ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

2010 оны 03-р сарын 08 Нийтэлсэн BLG
 Дэлгэрэнгүй»

 МЭНДЧИЛГЭЭ

2010 оны 02-р сарын 08 Нийтэлсэн BLG
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа !

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа!

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны “Тийн урвагч ” хэмээх төмөр бар жилийн хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, хүн бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Одож буй харшлалт хэмээх шороон үхэр жил манай эх орон, ард түмэн, зэвсэгт хүчний хувьд шинэ сэргэг үйл явдлаар арвин баялаг, амжилт бүтээлээр дүүрэн он байж, өнгөрсөн түүхийн хуудсыг зузаалан үлдээлээ.

Мөн гадаад харилцаа өргөжин тэлж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ван Ги Мүн манай оронд айлчлах үеэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсан, ОХУ-ын Ерөнхийлөгч Димитрий Медведев манай оронд айлчлсан бөгөөд энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Дархан -2” сургалт, дадлагын явцтай танилцаж сургалт, дадлагын үеэр 417 нэгж Зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжид, үүнээс авто, хуягт техник 78 нэгжид сэргээн сайжруулах засвар үйлчилгээ хийсэн, Катар, Польш ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын айлчлалууд нь Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн чухал арга хэмжээнүүд болж өнгөрсний зэрэгцээ Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойг Монгол Улс, ОХУ-ын ард түмэн, Зэвсэгт хүчин өргөн дэлгэр тэмдэглэж, олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Манай цэрэг дайчид Дэлхий нийтийн энх тайвны үйлст оруулж буй хүч чармайлтаа нэмэгдүүлж Чад улс дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд анх удаа Мотобуудлагын батальон хүртэлх хүч, хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж эхэлсэн болоод ТАБНУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Афганистан Улс дахь дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байна

Эх орондоо уламжлал болсон “Хааны эрэлд”, “Нүүдэлчин заан”, “Төгс шийдэл” зэрэг олон улсын хамтарсан хээрийг сургуулиудыг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ өмнөд хөрш БНХАУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан энхийг сахиулах “Энхийн элч” ажиллагааны сургалт, дадлагад анх удаа хамтран зохион байгуулж оролцсон нь тэдний цэргийн хэргийн болон гадаад хэлний мэдлэг, бие бялдрын бэхжилт, ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болсон арга хэмжээнүүд байлаа.

Мөн сүүлийн үед улс орны хэмжээгээр өвөлжилт хүндэрч, онцгой нөхцөл байдал үүсээд байгааг харгалзан үзэж туулах чадвар сайтай 32 нэгж машиныг 12 аймагт үнэ төлбөргүй хүргэхийн зэрэгцээ Батлан хамгаалах салбарын нийт ажилтан албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивлаж сэтгэл санаа, хүн хүч, техник хэрэгсэлийн тусламжийг үзүүлээд байгаа.

Ингээд “Тйин урвагч хэмээх Төмөр бар” жил бол Зэвсэгт Хүчний хувьд Эх орноо Батлан Хамгаалах, олон талт чиг үүргээ амжилттай биелүүлэх, цэргийн шинэчлэлийг д гүнзгийрүүлэх, олсон амжилтаа бататгах, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зорилтуудыг дэшлүүлсэн өрнүүн их хөдөлмөрийн он байх болно.

Та бүхэн ирж байгаа төмөр бар жилдээ цог золбоо, аз хийморь, амжилт бүтээл арвинтай, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЗЭВСЭГТ  ХҮЧНИЙ  ЖАНЖИН  ШТАБЫН  ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Image Ц.БЯМБАЖАВ