МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : ГҮРЖ, ОРОСЫН ДАЙН
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

ГҮРЖ, ОРОСЫН ДАЙН

2008 онд болсон Гүрж, Оросын дайныг гадаадын улс орнууд, НАТО ихээхэн судалж үнэлэлт, дүгнэлт өглөө. Үүнээс үүдэн Гүрж Зэвсэгт хүчнээ шинэ хэлбэр, загвараар эмхэтгэж байгаа бол, ОХУ томоохон өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Уг дайныг бид онцгойлон үзэж, сайтар судлах шаардлагатай. Учир нь Гүрж манай улсын адил ОХУ-тай хиллэдэг, хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техниктэй, ХЗЦ нь бригадын зохион байгуулалтад шилжсэн. Барууны орнуудаас зарим шинэ төрлийн зэвсэг, байлдааны хэрэгсэл авдаг, Ирак, Афганистан, Косовод явагдаж буй Олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Гүржийн Зэвсэгт хүчинтэй адил төстэй зүйлс олонтой манай Зэвсэгт хүчинд энэ дайны сургамж орхиж боломгүй баримт юм.

Гүржийн Зэвсэгт хүчин

ОХУ-ын дайчдын ихэнх нь гэрээт цэрэг байсан бол Гүржийнхэн мэргэжлийн, зарим нь сайн дурынх байжээ. Мэргэжлийн цэргийн батальоныг НАТО-гийн сургагч нар бэлтгэж, сайтар зэвсэглэснээс гадна дайчдыг нь Ирак, Афганистан, Косовод үүрэг гүйцэтгүүлсэн байна. Мэргэжлийн цэрэгтэй болох хөтөлбөрийг Гүрж 2002 оноос АНУ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын Тусгай хүчнийхэн, ТЯЦ-ийн сургагч нар Гүржийн “элит” ангиудыг сургаж бэлтгэхдээ жижиг бүлгийн тактикийг голлож, онц буудагч болгох, хүн нэг бүрийн бэлтгэлийг сайжруулахад их анхаарчээ. Зөвхөн офицеруудаас бүрдсэн тусгай томилолтын “Коммандос” батальоныг байгуулсан. Эдгээрт бие бялдар сайтай залуусыг авч, цалинг ч өндөр тогтоосон аж. Элитийн дайчдыг бусад ангид томилохгүйгээр 3 жил сургаж, хоол хүнсийг нь сайжруулах, сахилга батыг чанд сахиулах арга хэмжээ авчээ. Хөтөлбөрийн хүрээнд 5 батальоныг бэлтгэж, тэдгээрт 35 нас хүрээгүй залуусыг авч доод тал нь 4 жил алба хаалгахаар гэрээ хийсэн ба 7500 хүн бэлтгэсэн гэх тоо байдаг. Мөн Турк сургагч нар 750, Израильчууд 200 явган цэргийг хот сууринд байлдах ажиллагаанд сургажээ. Түүнчлэн РЭТ-ийн цэрэг, танк, их буу, холбооны станцын тоотуудыг ч сургаж бэлтгэсэн аж.

Гүржийн мэргэжлийн цэргийн 5 явган бригад дайны үед үүргээ сайн гүйцэтгэснийг Оросууд ч хүлээн зөвшөөрчээ. 10000 хүнтэй эдгээр бригад Иракт үүрэг гүйцэтгэсэн дайчидтай учир захирах, захирагдах ёсыг хүнд нөхцөлд чанд биелүүлдэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой, тэсвэр хатуужилтай, байлдах бэлтгэлтэй байсныг Оросууд онцлон тэмдэглэжээ. Эдгээр чанарыг тэд Цхинвали хот болон Присскийн өндөрлөгийг хэд хэдэн удаа мятаршгүйгээр довтолж эзлэн авахдаа, Оросын цэргийн давамгай хүчний дайралтыг няцаахад харуулсан байна. Америкчуудын дүгнэлтээр тэдний сул тал нь ахлагч нар байжээ. Дайн байлдаанд тасаг, зарим үед салаа удирдах гол үүрэгтэй ахлагч нарын байлдааны бэлтгэл хангалтгүй, удирдах дадлага, туршлага дутмаг байсан нь ажиглагдаж. Мөн танк, ЯЦБМ-ыг байлдаанд чадмаг ашиглах, тэдгээрийг явган цэрэг, галын хөнөөлийн хэрэгсэлтэй уялдуулах явдал Гүржийн Зэвсэгт хүчинд төлөвшөөгүй байжээ. Гүржүүд жижиг бүлгээр ажиллаж байсан ч газар орны далдлах, хамгаалах давуу талыг сайн ашиглахгүй нөхцөлд эдгээр нь томоохон армийн эсрэг үр өгөөж багатай гэдэг нь нотлогдсон аж. Гүржийн цэрэг холбоо, тагнуул, чиг баримжаалах, шөнийн харааны хэрэгслээр давуу байсан ч эдгээр нь зөвхөн хангалтын үүрэг гүйцэтгэдэг учир шийдвэрлэх нөлөө үзүүлээгүй. Ийм шинэ хэрэгслийг хуучирсан болон өөр улсад үйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техникийн хамт ашиглахад үр өгөөж багатай, өөр хоорондоо тохиромж муутай байдаг нь нотлогджээ. Шинэ төрлийн хэрэгслийг шинэ үеийн зэвсэг, техникт зориулж бүтээдэг байна. Гүржүүд Өмнөд Осети, Абхазийг эзлэн авахаар эртнээс бэлтгэжээ. Тиймээс Зэвсэгт хүчин нь тус 2 улсын салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд тусгайлан бэлтгэгдсэн, энэ хоёр бүс нутгийг төвөггүй эзлэх бүрэн боломжтой байжээ. Мэргэжлийн чиг хандлагатай болж байсан Гүржийн Зэвсэгт хүчин гагцхүү улс орноо гадны түрэмгийллээс хамгаалахад, томоохон армитай тэмцэхэд төдийлөн бэлтгэгдэж сургагдаагүй байсан гэж үзэж болно.

Оросын Зэвсэгт хүчин

Абхази, Өмнөд Осетийг Гүрж эзлэхээр бэлтгэж байсан бол ОХУ ч мөн Гүржийн халдлагад бэлтгэж байжээ. Дайнаас 1 сарын өмнө Өмнөд Кавказын цэргийн тойргийн анги, салбарууд хээрийн сургууль хийж, энэ дайнтай төстэй цагийн байдалд ажиллажээ. Тус бүс нутагт байрладаг Оросын цэргийн анги, салбарууд дайн болохоос өмнө хээрийн сургууль, дадлагаас ирсэн, зэвсгийн системүүд нь галт хэрэгслээр хангагдаж, байлдааны техник нь шатахуунаар бүрэн цэнэглэгдсэн байжээ. Дайнд тус бүс нутагт байрладаг 58 дугаар армийн нэгтгэл, ангиудыг шуурхай оруулах ёстой байтал стратегийн тээвэрлэлт, хөдөлгөөнт чадваргүй байсны улмаас Псков, Ивановт байрладаг шүхэр десантын дивиз, Ульяновскийн агаараас дайрах бригадыг эхлээд оруулжээ. Мотобуудлагын цэргийн адил байлдсан эдгээр ангиуд үүргээ сайн биелүүлсэн. Энэ нь бэлтгэл сургалт сайтай, байлдааны байнгын бэлэн байдалд байдаг нэгтгэл ангиуд дайнд үр нөлөөтэй байдгийг, бас Оросууд үүрэг гүйцэтгэх чадвартай мотобуудлагын анги, салбаргүй болсныг гэрчилж байгаа юм. Дайны явцад Оросууд агаарт хүчний давуу байдлыг бий болгосон ч агаарын орон зайг давамгайлж чадаагүй. Энэ 5 өдрийн дайнд ОХУ 4 байлдааны онгоц буюу 3 агаар дайралтын СУ-25, 1 стратегийн бөмбөгдөгч ТУ-22М3 онгоцоо алдсан. Гэтэл Гүржид орчин үеийн сөнөөгч онгоц байгаагүй, бас АДЭХ ихэнх хэрэгсэл хуучин ЗХУ, Украинд үйлдвэрлэгдсэн байв. Стратегийн бөмбөгдөгчөө алдсан нь Оросууд хэт бардам байсныг, эсвэл Гүржийн цэргийн хүчийг дутуу үнэлсний илрэл юм. Аливаа дайн, байлдаанд ийм онгоц гол үүрэгтэй бөгөөд дайсны АДЭХ идэвхтэй бүсэд орохгүйгээр далавчит пуужин, эсвэл бусад өндөр цэцтэй зэвсгээр цохилт хийж их хохирол үзүүлдэг. Мөн уг бөмбөгдөгч ганцаар биш халхлалт, хамгаалалтын онгоцын хамт үүрэг гүйцэтгэдэг гэдэг зарчмыг Оросууд баримтлаагүй бололтой. ТУ-22-ыг алдсан нь дайсны АДЭХ хэрэгслийг урьдчилан илрүүлж, цаг тухайд нь устгаагүйтэй, эсвэл радиоэлектрон саад тавиагүйтэй холбоотой юм. Дайн, байлдааны явцад Гүржийн тун жижигхэн АЦХ (СУ-25 загварын 8 онгоцтой) идэвхтэй ажиллаж, дайралтад нь Оросын цэргийн цуваа болон анги, салбарууд өртжээ. Энэ нь Оросын Зэвсэгт хүчин агаарт дайн явуулах, агаарын орон зайг ноёрхож чадахгүй байгаа, мөн өөрийн цэргийг дайсны агаарын цохилтоос хамгаалах бэлтгэл сул байгааг гэрчилж байна.

Сүүлийн жилүүдэд АНУ, НАТО-ийн орнуудын Зэвсэгт хүчинд Байлдааны удирдлагын системийг нэвтрүүлээд байгаа. Энэ нь тагнуул, байлдааны хангалтын нэгж, байлдааны анги салбар, галын хөнөөлийн хэрэгсэл, ар талын хүч хэрэгслийн удирдлагыг нэгтгэсэн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл дайсны тухай бүх төрлийн тагнуул туршуулын мэдээ, өөрийн болон холбоотны цэрэг, галын хөнөөлийн хэрэгслийн байршил, байлдаан болж буй газар орны тухай мэдээ, мэдээллийг компьютержсэн газрын зурагт оруулж байлдааны тушаал зааврыг шуурхай өгч удирдах боломжийг олгодог хэрэгсэл. Энэ системийг бий болгоход сансрын, агаарын, газрын, тэнгисийн болон тусгай тагнуулын хэрэгсэл, мэдээллийн найдвартай сүлжээ, өөрийн болон дайсны цэргийн байршлыг тодорхойлох навигацын хиймэл дагуул, тушаал заавар дамжуулах орчин үеийн холбооны хэрэгсэл шаардлагатай байдаг. Уг дайны үед дайсны целийг илрүүлэх, тэдгээрийг янз бүрийн галын хөнөөлийн хэрэгслээр устгах, устгасан эсэхийг шалгах, цэргийг удирдах явц тасралтгүй хийгдэж байгаагүй нь Оросын Зэвсэгт хүчинд орчин үеийн ийм систем нэвтрээгүйг нотолж байна. Эл дайн мөн Оросын Зэвсэгт хүчний сайн талуудыг ч харууллаа. Байлдааныг газар, агаар, тэнгист явуулж, түүнд шүхэр десант, тусгай томилолтын цэргийг амжилттай оролцуулсан, анх удаа кибер дайн явуулах оролдлого хийсэн. Дайны үед Гүржийн үндэсний интернетийн серверүүдийг Орост байрлалтай компьютерийн сүлжээнүүдийн тусламжтайгаар жагсаалаас гаргаснаар Гүржийн Ерөнхийлөгчийн Ажлын алба болон Засгийн газрын веб хуудсууд ажиллагаагүй болж Польшийн серверийг ашиглахад хүрсэн юм. Оросын Зэвсэгт хүчин дайн, байлдаан хийхдээ ХЗЦ-ийн хэт давуу хүчийг ашиглах (3:1), галын бөөгнөрүүлсэн цохилтыг дайсанд өгдөг нь хэвээр байна. Харин барууны орнуудын цэргийн урлагт дайсны эсрэг ижил хэмжээний цэргийн хүчээр(1:1) тулаан хийхдээ тактикийн арга хэлбэрийг чадмаг ашиглах, дайсны цэргийн байлдааны журмын бүхий л гүнд өндөр цэцтэй зэвсгээр гол гол цельд цохилт хийж байлдах чадваргүй болгохыг заадаг.

Дүгнэлт

Энэ дайн 1.Үндэстэн угсаатны ялгаа зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүйг, 2. Шинэ тусгаар улс орнууд дайн байлдааны талбар болдгийг, 3. ОХУ хүчирхэг болсныг, 4. Өөрийн ашиг сонирхлыг хамгаалах нэрээр хүчирхэг улс олон улсын гэрээ хэлэлцээрийг үл тоомсорлон цэргийн хүч хэрэглэх болсныг гэрчилж байна. Мөн уг дайн ОХУ-тай хил залгаа хөрш орнуудад айдас төрүүлж, тус улстай хийж буй харилцаанд онцгой анхаарах, болгоомжтой хандаж байх сургамж, сануулга өгсөн юм. Орос иргэд олонтой Украин, Казахстан зэрэг улс ч ОХУ хүчирхэгжсэн, “таалагдахгүй” улсдаа түрэмгий бодлого явуулахаас татгалзахгүй, ашиг сонирхлоо зэвсгийн хүчээр хамгаалах чадвартай болсонд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байсан. Бид ч гэсэн өөрийн улсын аюулгүй байдлын орчинд үнэлэлт дүгнэлт хийж, гарч болзошгүй аюул заналыг тодорхойлох хэрэгтэй юм. Оросуудтай бид найрсаг харилцаатай гэж бодож, найдаж явдаг. Гэтэл ирээдүйд ямар нэг ашиг сонирхлын үүднээс манай улс болон ОХУ, эсвэл БНХАУ-ын хооронд зөрчилдөөн гарахгүй гэсэн баталгаагүй. Оросын Төрийн Думын орлогч дарга В.Жириновский РенТВ-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс бидэнд маш их өртөй. Өрөө нэхэхэд Монголчууд мөнгө байхгүй гэдэг. Тэгээд манай хилээр орж ирээд адуу мал хулгайлах юм. Иймд Тувагийн иргэдэд зэвсэг олгохын зэрэгцээ Монголд очиж мал сүргийг нь туун авчраад хориглох хэрэгтэй” гэснийг энэ оны 1 дүгээр сарын 1-нд нэвтрүүлсэн билээ.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

Bid uls ornoo batlan hamgaalah chadvartai baihiin tuld zevseglelee NATO bolon USA-iin standartad niitssen nen orchin ueiin, ondor nariivchlaltai, orchin ueiin zevsegleleer hamgah heregtei. Oros bolon baruunii zevsgiig holij hergleh ni tiim sain bish. Er ni USA bolon baruunii ondor nariivchlaltai zevsegleleer hangaj, zevsegt huchnee mash sain beldej avah heregtei.

BLG

sanal niilj bn, gehdee deer bga humuus eniig meddeg bolov u? hed ni tsereg zevsegiin talaar meddeg bol? barag ene talaar boddog hun bhgui bh do, hudlaa mi8 ak47 2oos oor ym medku l ymnuud bgado

Цоомоо

айтар айтар

боломжтой бол Хужаа Вийтнаам хоёрын дайны талаар бичээд өгөөрэй

Ер нь (зочин)

Бид АНУ, НАТО-оос зэвсэг техник авлаа гэхэд түүнийгээ хаагуур зөөх вэ? Оросууд дамжин өнгөрүүлэхгүй, Хятадууд биднийг хүчирхэгжих замд хэзээд саад хориг тавина.
За тэгээд ороод ирдэг юм байж. Танк, онгоц, машин зэргийн түлш шатахууныг хаанаас авах уу? Орос өгөх үү?
Улсынхаа гадаад бодлогод батлан хамгаалах салбараас дутахааргүй сайн анхаарч аль болох даян дэлхийн бүх улстай найрамдалтай харилцаатай байх хэрэгтэй. Тэр харилцаа л энэ хоёр том акулаас биднийг хамгаална.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)