МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : М.Батчимэг: МӨРДЭСТЭЙ БҮХЭН НЭГДЭЖ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй уулзаж ярилцсанаа хүргэе. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын үйл явцад Монгол Улсын оролцоо ямар байх ёстой вэ? -Тодорхой хоёр, гурван асуудлыг онцолъё. Нэгд, Монгол хэдийгээр хөршүүдтэйгээ харьцуулахад жижиг орон боловч геостратегийн онцгой байрлалд оршдогоороо их гүрнүүдийн хувьд тоохгүй орхих аргагүй улс. Монгол улс хоёр их хөрштэйгээ, мөн энэ бүс нутагт онцгой ашиг сонирхол бүхий бусад их гүрнүүдтэй аль болох тэнцвэртэй харилцсанаар бүс нутаг дахь хүчний тэнцвэр, тогтвортой байдалд өөрийн хувь нэмрээ оруулна. Жишээ нь, хүйтэн дайны үед Монгол улс Зөвлөлтийн холбоотон байж, Зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж байсан нь Хятадын хувьд асар том дарамт болж байсан. Мао Зэдун “Монгол бол Бээжингийн хүзүүн дээр зангидсан нударга” гэж хэлж байсан түүхтэй. Манай хоёр хөрш Монгол-Америкийн аюулгүй байдлын салбарын харилцаанд онцгой анхааралтай ханддаг нь ийм шалтгаантай. Хоёрт, Монгол Улс хоёр Солонгостой хоёулантай нь улс төрийн сайн харилцаатай, өөрийн хүчээр эдгээр орны аюулгүй байдалд заналхийлэл учруулах боломж бага, ийм бодлого ч барьдаггүй орон. Энэ нь бүс нутгийн зарим орон манай улсыг Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд төвийг сахисан байр сууриа хадгалж, зөв нөлөө үзүүлэх боломжтой орны нэг гэж тооцох үндэс болдог. Ийм бодит боломж ч бий. Хэдхэн жилийн өмнө бүс нутгийн Олон улсын харилцааны уур амьсгал харьцангуй таатай байсан үед Япон – Умард Солонгос хоёр улс харилцаагаа хэвийн болгох асуудлаарх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж эхэлж байсныг энд жишээ болгож дурдмаар байна. Гуравт, эрчим хүчний аюулгүй байдал гэдэг өнөөдөр бүс нутгийн төдийгүй Олон улсын аюулгүй байдлын чухал асуудал болж байна. Ийм нөхцөлд эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөц баялаг арвинтай манай улс ухаалаг бодлого явуулж чадвал эрчим хүчний салбарын нэгэн чухал тоглогч болох боломж уг нь бий. “Гуравдагч хөрш”-ийн бодлого, түүний ач холбогдол, агуулгыг тайлбарлаж өгнө үү? -Манай Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд “Гуравдагч хөрш” гэдгийг тодорхойлсон байгаа шүү дээ. Ерөнхийдөө манай улстай нийтлэг ашиг сонирхолтой өрнө, дорнын өндөр хөгжилтэй ардчилсан орнуудыг ингэж ойлгож байгаа. Гуравдагч хөршийн ач холбогдлыг юуны өмнө аюулгүй байдлын талаас авч үзвэл газарзүйн хоёрхон хөрштэй манай орны хувьд бусад их гүрнүүдтэй ойр харилцаа хөгжүүлж, хоёр том хөрштэй харилцах харилцаанд хүчний ашигтай тэнцвэр бий болгох бодлого гэж болно. Харин улс төрийн талаас нь үзвэл манайх ардчилсан тогтолцоотой орон учраас тэдгээр улсуудтай харилцаа хөгжүүлснээр ардчиллаа бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж үздэг. Эдийн засгийн талаас гэвэл тэдгээр хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау, зах зээл манайд хэрэгтэй. Эдийн засгийн ийм харилцаа эргээд гуравдагч хөршүүдийн сонирхлыг Монголд бодитойгоор буй болгох, улмаар улс төр, аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх үндэс болно. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс ямар хэлбэрээр оролцох нь зүйтэй гэж Та үзэж байна вэ? -Манайх өнөөдөр ажиглагчийн статустай оролцож байгаа нь ШХАБ-ын болон Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд, мөн манай улсын олон тулгуурт гадаад бодлогод нийцсэн зөв бодлого гэж боддог. ШХАБ-ын ч, Төв Азийн ч нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн хандлага нь өнөөдөр ч тийм тодорхой биш хэвээр байгаа гэж боддог. ОХУ-ын шинэ Ерөнхийлөгчийн Монгол Улстай харилцах харилцаа, бодлого, үйл ажиллагааг Та хэрхэн төсөөлж байна вэ? -Монгол Улс ОХУ-ын хувьд тус улсын хөрш орнуудтайгаа харилцах бодлогын хүрээнд ч, Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа манай өмнөд хөрш Хятадтай харилцах бодлогынх нь хүрээнд ч өөрийн тодорхой байр суурьтай. Мөн манай байгалийн арвин баялаг ОХУ-ын сонирхлыг татаж байгаа. Манай Умард хөршид Монгол Улсыг 90-ээд оны өмнөх үеийн тэр байдлаар нь төсөөлөх, манай улс төрийн нөхцөл байдлыг сайн мэдрэхгүй байх хандлага заримдаа ажиглагддаг. Монгол ардчилсан орон учраас гадаад бодлого тэр бүр цөөн хүний хүссэнээр явдаггүй шүү дээ. В.Путин ерөнхийлөгч Монголтой харилцах олон жилийн туршлага хуримтлуулж яваа хүний хувьд бүс нутаг дахь их гүрнүүдийн харилцаа, түүний шууд нөлөөн дор яригдах Орос – Монголын харилцааны онцлог, Монголын улс төрийн нөхцөл байдлыг ухаарч мэдэрсэн бодлого явуулах байх гэж бодож байна. БНХАУ-тай аюулгүй байдлын түвшинд хамтран ажиллах боломж, цаашдын чиг хандлагын тухайд Та ямар бодолтой байдаг вэ? -БНХАУ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөө нь их хэмжээгээр өсч яваа орон. Тус улсын бодлого манай төдийгүй нийт хөрш зэргэлдээ орнууд, бүс нутгийн аюулгүй байдалд ихээхэн нөлөөтэй. Монгол бол БНХАУ-ын хувьд хуурай газраар хамгийн урт хилээр хиллэдэг орны нэг. Тийм ч учраас Хятад Улс, Монгол Улстай найрсаг харилцаатай байх нь тус улсын умард хилийн аюулгүй байдал, дотоод тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэж үздэг. Тиймээс манай хоёр талын аль алинд нь хоорондоо сайн харилцаа, өргөн хамтын ажиллагаатай байх эрмэлзэл өндөр байлгүй яах вэ. Хоёр орны удирдлагын түвшинд улс төрийн сайн харилцаатай, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамж өндөр байх нь харилцаа, хамтын ажиллагаа сайн байх үндэс болно. Гол нь хоёр орон харилцан бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэж, нийтлэг эрх ашгаа чухалчилж байвал хоёр орны хооронд харилцан итгэлцэл хадгалагдаж бэхжинэ гэж боддог. БНХАУ-ын удирдлагын шинэ үе энэ оны сүүлч, ирэх оны эхээр нам, төр, цэргийн дээд албан тушаалд очино. Тэдний баримтлах гадаад бодлогод зарчмын шинэ өнгө аяс орно гэж Та бодож байна уу? -Өнөөдөр яг тодорхой дүгнэлт хийхэд эрт байна. Ер нь бол шинэ удирдлагууд өөрсдөө санаачилж зарчмын том өөрчлөлт хийх магадлал бага талдаа л байх болов уу. Гэхдээ Хятадын өөрийнх нь дотоод нөхцөл байдал, улсынх нь хүч чадал, мөн гадаад орчин, түүний дотор АНУ болон бүс нутгийн орнуудын хандлагаас их зүйл хамаарна. Шинэ удирдлагыг тосон хүлээж байгаа энэ бүх нөхцөл байдал одоогийн удирдлагуудын туулж өнгөрүүлсэн тэр нөхцөл байдлаас нэлээд өөр байх төлөвтэй харагдаж байна. Тэгэхээр шинэ нөхцөл байдалд зохицсон, түүнд хариу үйлдэл үзүүлсэн л бодлого явуулж таарна. Хятадад гарч байгаа нэг сонирхолтой өөрчлөлт бол гадаад бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад оролцдог, нөлөөлдөг субъектүүдийн тоо нэмэгдэж, бодлого боловсруулах тогтолцоо нь харьцангуй боловсронгуй болж байгаа гэж үздэг. Бизнесийнхэн, цэргийнхэн, тинк-танк байгууллагуудын гээд өмнө төдийлөн хүчтэй нөлөөлж байгаагүй субъектүүдийн тухай ярьж байна. Аливаа улсын гадаад бодлого боловсруулах үйл явц институцчлэгдэнэ гэдэг бол гэнэтийн огцом өөрчлөлт, савлагаа багасна гэсэн үг л дээ. Эдийн засгийн аюулгүй байдлын тухай сүүлийн жилүүдэд багагүй яригдах боллоо. Энэ талаар Таны бодол …? -Энэ үнэхээр манай улсын аюулгүй байдлын тулгын чулуу болсон суурь асуудал. Өнөөдөр шиг уул уурхайгаас бэлэн орлого олоод, түүнийгээ бэлэн мөнгөөр цацаж тараагаад дуусгачихдаг, хүссэн үедээ уул уурхайн баялагаа барьцаалж, ирээдүйгээсээ зээлэн байж гадаадаас мөнгө босгодог, түүнийгээ сайн судлаагүй, зарцуулалт нь ил тод биш элдэв төсөлд хайхрамжгүй цацдаг, төвлөрүүлсэн жаахан орлогоо хөгжлийн банк гэж улс төрийн нөлөө ихтэй байгууллагаар дамжуулаад эрх барьж байгаа улстөрийн хүчний ашиг сонирхолд нийцүүлээд үрчих шинжтэй ийм байдлаар бол эдийн засгийн аюулгүй байдал дэндүү эмзэг байна. Манай эдийн засаг дан ганц уул уурхай, тэр дундаа уул уурхайн түүхий эдийн экспортоос хараат байх л юм бол бүтцийнхээ хувьд нэг орны шууд хараат болж байна л гэсэн үг. Ийм нөхцөлд шууд хэлэхэд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тухай яриа ч асуулт болж хувирна шүү. Эдийн засаг хэзээд улс төр, аюулгүй байдлаас салангид байдаггүй. Эмзэг байдлаа бууруулахын тулд бид уул уурхайн орлогоо аль болох төвлөрүүлж, зөв бодлоготой зарцуулмаар байна. Уул уурхайгаас төвлөрсөн хөрөнгөөрөө хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, шинжлэх ухаан, боловсрол гээд стратегийн хувьд зайлшгүй чухал салбаруудаа хөгжүүлж авах ёстой. Ийм алс ирээдүйгээ бодсон, хатуу, зоримог бодлого манайд үнэхээр ус агаар шиг үгүйлэгдэж байна. Энэ бүх бодлого уг нь Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой бичээстэй бий. Үүнийг ойлгох, хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл эрх баригчдад хэр байна вэ гэдэг нь бас эдийн засгийн аюулгүй байдлаас дутахгүй аюулгүй байдлын том асуудал шүү. Монгол Улсын Зэвсэгт хүчин Олон улсын аюулгүй байдлын үйл явцад идэвхтэй оролцох болсноор цөөнгүй жилийг үдээд байна. Үүний ач холбогдлыг Та юу гэж дүгнэх вэ? -Энэ бол үнэхээр сүүлийн 20 жилд манай гадаад бодлого, гадаад харилцаанд гарсан том ололт гэж би боддог. Монгол цэргүүд олон улсад Энхийг тогтоох, дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулаад, туурга тусгаар улс орноо бусдад таниулаад, үнэлүүлээд явж байх шиг чухал зүйл гэж юу байх вэ. Аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангана гэдэг чухам иймэрхүү алхмуудыг л хэлдэг. Бид өнөөдөр бусдад туслаад явж байна гэдэг маргааш хэрэг болоход бидэнд туслах, санаа тавих, гар сунгах найз нөхдийнхээ тоог нэмж яваа гэсэн үг шүү дээ. Монгол цэргүүд хаана очсон газраа сайн дасан зохицдог, амархан суралцдаг, тэсвэр хатуужилтай гээд гадныхны магтаж байгааг сонсоход үнэхээр сайхан байдаг. Өнгөрсөн жил би Батлан хамгаалахын сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Америкийн төвийн цэргийн командлалд очиж манай Олон улсын ажиллагаанд оролцож туршлагажсан офицерууд, залуу генералууд хэрхэн Олон улсын бүрэлдэхүүнд хандаж, мэргэжлийн англи хэлээр, мэргэжлийн түвшний мэдээлэл хийж байхыг харсан. Тэднээрээ үнэхээр бахархсан шүү. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэг биз дээ. Та Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрхэн дүгнэдэг вэ? -Сая ярьсанчлан манай энэ салбарт ололт, ахиц дэвшил их бий. Бас цаашид хийх ажил ч түүнээс дутахгүй байгаа. Үүнийг манай батлан хамгаалах, цэргийнхэн өөрсдөө сайн мэдэж байгаа. Наад зах нь орчин үед болзошгүй халдлага, түрэмгийллийн мөн чанар, байлдах урлагт ихээхэн өөрчлөлт гарч байна. Хамгийн орчин үеийн технологи, зэвсэглэл техник хэрэглэсэн байлдааны ажиллагаа, партизаны дайны арга ажиллагаа зэрэгцээд хөгжиж байгаа цаг үед бид амьдарч байна. Улс бус субъектууд цөмийн технологи, зэвсэглэлийг гартаа оруулах, террорист халдлага үйлдэх гээд хүйтэн дайны үед байгаагүй аюулууд буй болсон. Зэвсэгт хүчин хил хязгаар, агаарын орон зайн аюулгүй байдлаа хянах, шаардлагатай үед түргэн шилжин байрлаж үүрэг гүйцэтгэх чадавхтай байх ёстой. Үүний тулд бодлогын, боловсон хүчний, зэвсэглэл техникийн шинэчлэл манайд шаардлагатай. Том ч бай, жижиг ч бай тусгаар улс л юм бол шаардлагатай үед өөрийгөө хамгаалах өөртөө таарсан чадавхтай байх ёстой шүү дээ. Тэгээд ч улс орон хөгжих, гадаадын сонирхол нэмэгдэх хэрээр хамгаалах хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байдгийг бодох ёстой. Тусгаар улсын төр нэн түрүүнд, чухамдаа шаардлагатай үед улс орноо хамгаалахын тулд оршин байдаг биз дээ. Манай Зэвсэгт хүчинд ийм чиг хандлагаар шинэчлэлийг үргэлжлүүлэх, эрчимжүүлэх шаардлага үнэхээр бий. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн цаашдын чиг хандлагын тухайд Таны бодлыг хүргэмээр байна? -Манайх өнөөдрийг хүртэл “мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчин”-тэй болох үзэл баримтлалтайгаа бараг 20 жил болох гээд явж байна. Харин одоо “мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин”-тэй байх тухай ярих цаг болсон. Хэдий хүртэл баримжаагаар явах вэ. Тиймээс цаашид Зэвсэгт хүчний шинэчлэлд үүнийг чухалчлах ёстой. Мөн Монгол Улс цөөн хүн амтай жижиг улс. Мөрдэстэй, цэрэг гэж нэрлэгддэг байгууллагууд нэгдэж тов тодорхой нэгдмэл Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх цаг болсон. Батлан хамгаалах бодлого, цэргийн номлолд гарах ёстой нэгэн том өөрчлөлт бол өмнө нь манайд байсан улс орныг хамгаалахад хүн амыг бэлэн байлгах гэдэг бодлогоос улс орноо, хүн амаа хамгаалах гэсэн хүнлэг бодлого руу шилжих. Өмнөх бодлого бол хүнийг хүч хэрэгсэл гэж харж ирсэн бодлого. Харин шинэ үеийн бодлого хүнийхээ аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстой. Цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, эрх зүй, нийгмийн баталгааг хөгжингүй орнуудын жишигт ойртуулан сайжруулах талаар онцгой анхаарах ёстой. Ер нь дэлхий нийтээр хүний аюулгүй байдлыг хангах үзэл санаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд чухал байр суурь эзэлдэг болж байгаа цаг шүү дээ. Энэ бүх асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байгаа “Төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичгийн төсөлд тусаад явж байгаа. Бидний асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн Танд баярлалаа. - Баярлалаа. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан танай сониноор дамжуулан нийт цэргийн алба хаагчид, офицер, ахлагч нар, мөн цэргийн байгууллагуудад хүч хөдөлмөрөө зориулж яваа бүх хүмүүст баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. МСЭ-ийн шагналт, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ

Эх сурвалж

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)