BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Хар сүлд нь маш эртний түүхэн уламжлалтай юм. Үүнийг гэрчлэх хамгийн эртний дурсгал нь Монгол-Орос-Америкийн хамтарсан Монгол чулуун зэвсгийн үеийг судлах экспедицийнхэн 2000 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Бичигтийн амнаас олсон туг өргөн яваа морьтныг дүрсэлсэн хадны зураг юм. Археологчид энэ ховор чухал дурсгалыг шинжлэн үзээд адууны дэл, сүүлээр хийсэн Монгол Улсын төрийн ба цэргийн туг нь бүр хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Ийнхүү нэн эрт цагаас монголчууд цагаан адууныхаа дэл сүүлээр төрийн Цагаан тугаа, хар, хээр зүсмийн адууны дэл сүүлээр цэргийн Хар сүлдээ бүтээн залж, тахисаар ирсэн түүхтэй.

          Ялангуяа XII-XIII зууны үед цэргийн Хар сүлдийг шүтэн тахих ухамсар сэтгэлгээ тал нутгийн нүүдэлчдийн оюунлигт гүн бат шингэж, улмаар тэр нь нэгдсэн төр улсын нэг гол бэлгэдэл болсон түүхтэй билээ. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд Монголчууд дайн байлдаанд мордохдоо хараа ихт Хар тугаа тахиж байсан (МНТ §106), Чингис хаан дайнд мордохын өмнө хулгана жил (1204 он)-ийн зуны тэргүүн сарын 16-нд тугаа тахиж байсан тухай тодорхой бичиж тэмдэглэжээ.

     Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулахдаа төрийн есөн хөлт Цагаан туг, цэргийн дөрвөн хөлт Хар сүлдийг шинээр бүтээн залж, төр улсынхаа сүр хүчний бэлгэдэл болгон орд өргөөндөө мандуулж, тайлга тахилгын дэг ёсыг боловсронгуй болгосныг судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй олж тогтоосон байна. Ялангуяа, Чингис хаан Хар сүлдийг бүтээн залж тахиснаас хойш монгол цэргийн сүр хүч үлэмжийн их мандан бадарч, дөрвөн зүгтээ харгалдах дайсангүй болсон хэмээх домог түүхтэй. Ийм учраас Хар сүлдийг дээд тэнгэрээс бууж ирсэн, мөнх тэнгэрийн сүр хүчний илэрхийлэл мөн гэдэгт монголчууд бүрэн итгэж улмаар “төрийн есөн бэлэг эрдэнэ” буюу монгол төрийн есөн бэлгэдлийн нэг болгон олон арван жилийн турш дээдлэн тахисаар ирсэн бөгөөд энэ уламжлал 1930-аад он хүртэл тасраагүй билээ.

     Харин 1990-ээд оноос түүхэн уламжлалт туг сүлдээ бүтээх түмэн олны санаачлага өрнөж, түүнд үндэслэн монгол цэргийн Хар сүлдийг бүтээн залах асуудлыг Монгол Улсын БХЯ-ны Сайдын зөвлөлийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Хар сүлдний эх зураг, түүнийг бүтээн залах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Энэ саналыг Ерөнхийлөгч П.Очирбат Эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцэн Хар сүлдийг эх зургийн дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгчээ.

     Энэ үндсэн дээр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг шинээр бүтээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар зарлигаар Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний дүрмийг баталжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч П.Очирбат XYII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын гурав (1992.05.08)-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг БХЯ-нд гардуулан өгсөн байна. Энэ цаг мөчөөс хойш Бүх цэргийн Хар сүлд нь Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн болж, Батлан Хамгаалах Яаманд залагдсаар өнөөг хүрсэн бөгөөд хоёр жилд нэг удаа Хар сүлдийг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэж байна.

     Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон тугч Бүх цэргийн Хар сүлдээ хариуцан, дүрэм зааврын нь дагуу харж хандаж, залж хөдөлгөдөг учиртай. Батлан хамгаалахын сайдын 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний тугчаар ЗХЖШ-ын орлогч, Стратегийн удирдлага төлөвлөлтийн газрын дарга хошууч генерал М.Борбаатар, туг хамгаалагчаар хурандаа П.Пүрэвбазар, хурандаа Б.Ганбаатар нар томилогдсон байна.

{mospagebreak}   

Бүх цэргийн Хар сүлд нь титэм, туг, нөмрөг, суудлаас бүрдэнэ.
Титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 40 см урт гилбэр, 4.5 см-ийн хэмжээний дөрвөн ган цэцэг, 3 см голчтой хоёр зангилгаанаас бүрдэнэ.
Туг нь дээвэр, туурга, залаа, бүч, бүслүүрээс бүрдэнэ. Дээврийг монгол газрын 40 см голчтой аранжин (цэвэр) зэсээр бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимнэ. Туурганд 81 сүвэгч гаргасан байна. Залааг хар, хээр зүсмийн азарганы хөхөл дэлээр, бүчийг 55 см урттай одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн байна. Залааны гадуур хялгасан ханан сүлжээг гаргаж, дөрвөн талд нь бүч унжуулан бэхэлж, сүлжээсний доод ирмэгийг бүчтэй нь бүслүүрээр холбосон байна. Бүслүүр, бүсний уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна.
Шилбэ нь аяны болон суурин гэсэн хоёр янз байна. Аян шилбийг 9 тохой, суурин шилбийг 7 тохой урттай, 3.5 см голчтой хус модоор хийж, оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож шар цавуугаар нааж өнгөлсөн байна.
     Нөмрөг нь битүү төрсөн Хар зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь авч элдсэн тулам байна.
Суудлыг хээ товойлгон сийлсэн 44 х 33 х 33-ын харьцаатай хөх саарал өнгийн боржин чулуугаар бүтээсэн юм.
     Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний хэлбэр хийц, дүр дүрслэл, өнгө зүс бүхэн нь гүн гүнзгий бэлгэдэл утгатай бөгөөд үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Бүх цэргийн Хар сүлдний бэлэгдлийн тайлбар”-т тодорхой тусгасан юм.

     Бүх цэргийн Хар сүлдийг бүтээж залснаас хойш Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид түүнийг дээдлэн шүтэж, эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлж, дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж, монгол цэргийн нэр алдар олон улсын тавцанд дуурсаж байна.

     Сүүлийн жилүүдэд Хар сүлдний түүхийг цэргийн түүхчид, дотоод, гадаадын эрэдмтэн судлаачид олон талаас нь нягтлан судалж, энэ үндсэн дээр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг түүхэн уламжлалынх нь дагуу цогц байдалтай болгох, түүнийг цэнгүүлэх ёслолыг боловсронгуй болгох, тусгай орд өргөө байгуулах зэрэг олон чухал санал санаачлагыг дэвшүүлж байна.

     Эдгээр санал, санаачлага, мөн түүхэн уламжлалд тулгуурлан ирэх онд тэмдэглэх Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд бид дараахь ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд,
1. Хар сүлдний дөрвөн элч сүлдийг хийх. Монгол цэргийн Хар сүлд нь гол сүлд, түүний дөрвөн талд байрлуулдаг дөрвөн элч сүлднээс бүрдэж байсан цогцолбор шүтээн бөгөөд элч сүлднүүд нь гол сүлдтэйгээ хэлбэр, хийцийн хувьд адилхан гагцхүү хэмжээний хувьд арай жижиг байсан юм. Ийм ч учраас монголчууд Хар сүлдийг дөрвөн хөлт Хар сүлд гэж нэрлэдэг байжээ. Чингис хаан Хар сүлдийг бүтээн залсан тухай домогт эхлээд гол сүлдийг бүтээн тахиж, дараа нь дөрвөн хөл буюу элч сүлдийг хийсэн хэмээн өгүүлдэг төдийгүй “Хараа их Хар сүлдийн өчиг”, Саган сэцэний “Эрдэнийн товч” зэрэг түүхэн сурвалжуудад “Дөрвөн хөлт Хар сүлд” хэмээн тодорхой бичжээ. Эдгээр сурвалжийн мэдээг батлах баримт нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос дахь Чингисийн онгонд тахигдаж буй Хар сүлд юм. Энэ нь гол сүлд, түүний дөрвөн талд байрлах дөрвөн элч сүлднээс бүрдэж байгаа бөгөөд үүнийг Чингис хааны үеэс тахиж ирсэн Хар сүлд гэсэн аман мэдээ байдаг.
     Тэрчлэн сүүлийн жилүүдэд монгол цэргийн Хар сүлдний түүхийг судалсан цэргийн түүхч, дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид Хар сүлд нь гол сүлд ба дөрвөн элч сүлднээс бүрдэж байсан гэдгийг шинжлэх ухааны үүднээс нотолж, одоогийн Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдэнд дөрвөн элч сүлд хийж гүйцээх саналыг удаа дараа дэвшүүлж байгаа юм.
     Гол сүлднийхээ дөрвөн талд байрлах элч сүлдүүд нь гол сүлдээ дөрвөн талаас нь тулж байх түшиг тулгуур буюу хөл нь болдог бөгөөд энэ нь төр улс бат тогтвортой байхын бэлгэдэл, монгол цэргийн сүр хүч, алдар суу дөрвөн зүгт бадарч, дөрвөн зүгтээ харгалдах дайсангүй байхын ерөөл утгыг илэрхийлж байжээ. Мөн Хар сүлдний хамт хашгираа ихт хатан улаан бүрээ 2 ширхэг, хүч ихт алтан хор (нум, сум), зангараг ихт алмас илдийг байрлуулж тахидаг байжээ.
     1992 онд Бүх цэргийн Хар сүлдийг бүтээхдээ улс орны нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан дөрвөн элч сүлд, түүний хамт тахиж байсан хатан улаан бүрээ, нум сум, илдийг хийж чадаагүй бөгөөд харин дөрвөн элч сүлдийг нь дөрвөн бүчээр орлуулан хийсэн байна. Ийм учраас Бүх цэргийн Хар сүлдэнд дөрвөн элч сүлд, түүнийг дагалдах бүрээ, нум сум, илдийг шинээр хийж цогц байдалтай болгох нь зүйтэй юм. 

2. Хар сүлдний өргөө байгуулах. Хар сүлд нь дээд мөнх тэнгэрээс бууж ирсэн, тэнгэрийн хүчний илэрхийлэл болох учир түүнийг хөх тэнгэрийг харуулан гадаа залж байрлуулдаг байсан бөгөөд сүүлдээ тусгай орд өргөөнд тооноор нь цухуйлган хадгалдаг болсон бөгөөд өргөөний өрхийг нь бүтээж битүүлэхийг хатуу хориглодог байжээ. Өөрөөр хэлбэл, Хар сүлд нь заавал мөнх хөх тэнгэрт харагдаж байх учиртай.. Хар сүлдийг, тэр ч байтугай түүнийг залж авч, явдаг тугчийг дээшээ тэнгэр харагдахгүй шавар байшинд оруулахыг маш хатуу цээрлэдэг байсан юм.
     Өнөөдөр Бүх цэргийн Хар сүлдийг БХЯ-ны байранд залж байрлуулж байгаа бөгөөд энэ нь түүний эрхэмсэг орших утга агуулга, хүндэтгэл ёслолын хэрэгцээ шаардлагад төдийлөн нийцэхгүй байгаа юм. Ийм учраас үндэсний уран барилгын хэлбэртэй, Хар сүлдний утга агуулга, бэлгэдэл, ёслол хүндэтгэлийн шаардлагыг хангасан өргөөг барих шаардлагатай байна.
     Энэ нь өргөөнд Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг дөрвөн элч сүлд, мөн тэдгээрийг дагалдах бүрээ, нум сум, илдний хамт залж байрлуулах болно. Мөн энэ өргөөнд Чингис хааны Хар сүлдний тугч, тахилч байсан Мухулай, Боорчи жанжны хөрөг зураг байрлана.
     Ийнхүү Бүх цэргийн Хар сүлдийг бүрэн болгон гүйцээж, тусгай өргөө байгуулан залах нь түүний “Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн” болох утга агуулгыг бүрэн төгс илэрхийлж, нийгмийн сэтгэл зүй, оюун санаанд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, үнэлэмжийг нь дээшлүүлж, ард түмэн, цэрэг дайчдын үндэсний эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал түлхэц болох юм.
     Эдгээр ажлыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийх нь чухал ач холбогдолтой байгаа юм.
     Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлд бол Монгол төр өнө мөнхөд бат тогтвортой оршин тогтнох баталгаа, монгол цэрэг эрсийн сүр хүч үргэлжид мандан бадрахын бэлэг тэмдэг мөн. Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлд бол монгол үндэстний оюун санаа, түүх соёлын үнэт зүйлсийн нэг, монголчуудын эх оронч, үндэсний үзлийг бадраах уриа дуудлага мөн.

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

 Нэг. Хар сүлдний өргөө
     Бүх цэргийн Хар сүлдийг бүтээн залснаас хойш түүнийг БХЯ-ны II давхарт залж байрлуулсаар ирсэн билээ. Гэвч энэ байрлал нь Хар сүлдний түүхэн уламжлал, эрхэмсэг хүндэтгэлтэй байх хэрэгцээ шаардлаганд төдийлөн нийцэхгүйгээс гадна дөрвөн элч сүлдийг шинээр бүтээн залсан тохиолдолд тэдгээрийг гол сүлдтэй нь хамт байрлуулж багтахгүй юм.
     Иймд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Бүх цэргийн Хар сүлдний өргөө барих нь зайлшгүй шаардлагатай байна. Энэ шаардлагыг үндэслэн Батлан хамгаалах яам Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний өргөөний зураг төслийг боловсруулан толилуулж байна.
Хоёр. Бүх цэргийн Хар сүлдний дөрвөн элч сүлд
     Батлан хамгаалахын сайдын 2006 оны 2 дугаар сарын 27-ний өдрийн 74 дүгээр тушаалаар “Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг бүрэн болгож гүйцээх ажлыг зохион байгуулах комисс”-ыг Батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбатаар ахлуулан байгуулсан байна. Тус комиссын гишүүд энэ чиглэлээр судалгаа явуулсны үндсэн дээр Бүх цэргийн Хар сүлдний дөрвөн элч сүлдний эх зургийг боловсруулан толилуулж байна.
     Бид элч сүлдний зургийг гаргахдаа одоо байгаа Бүх цэргийн Хар сүлдний эх загварыг үндэслэн түүний хэмжээг 1:1.25 хувь багасган зурсан бөгөөд дөрвөн элч сүлд нь хэмжээний хувьд ижил байна. Элч сүлднүүд нь гол сүлд (одоогийн Бүх цэргийн Хар сүлд)-ний адил титэм, туг, суудал, нөмрөгөөс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг гол сүлдтэй нь харьцуулбал,


Сүлдний бүтэц
Гол сүлд (Бүх цэргийн Хар сүлд)
Элч сүлд
1.
Титэм
Гилбэр
25.8 см
20.6 см
Ган цэцэг
6.6 х 10
Далбааны хэмжээ 8 х 7.68
Ган зангилаа
3.5 см-ийн голчтой
2.2 см голчтой
2.
Туг
Дээвэр
∅35 см
∅28 см
Туурга
8 см өндөр
6.4 см өндөр
Залаа (үс)
≈ 80 см урт
≈ 60 см урт
Бүч
55 см урт
44 см урт
Бүслүүр
109.9 см урт
87.92 см урт
3.
Шилбэ
Аяны
9 тохой урт
8 тохой
Суурин
7 тохой урт
6 тохой
4.
Суудал
Суурь
44 х 44
∅35 см
Өндөр
37.5
30 см 
Дээд хэсэг
33 х 33
∅26.4
5.
Толь

∅9
∅7.2

     Гол сүлднээсээ элч сүлднүүдийн ялгарах онцлог нь,
     1. Гол сүлд буюу Бүх цэргийн Хар сүлдний гилбэр нь эртний монгол цэргийн зэвсэг-холч тусгалтай шулуун зэвийн хэлбэртэй, алтадсан эвэр угалзан хээтэй байна.
     Харин элч сүлднүүдийн гилбэр нь хээгүй цулгуй бөгөөд хэлбэр нь харилцан адилгүй байх болно. Тухайлбал, дөрвөн гилбэр нь монгол цэргийн зэвсгийн “морьч хар” (Элч сүлд №1), “үет зэв” (Элч сүлд №2), “учимаг зэв” (Элч сүлд №3), “хатгуурст зэв” (Элч сүлд №4)-ний хэлбэртэй байна. Эдгээр нь бүгд XII-XIII зууны үеийн монгол цэргийн сумны зэвний хэлбэр болно. Нийтдээ тухайн үеийн сумны зэвний 20 гаруй хэлбэрээс дээрхи дөрвийг сонгон авч элч сүлдний гилбэр болгон ашигласан юм.
     2. Бүх цэргийн Хар сүлдний титэм хэсэгт хоёр ган зангилгааны дунд монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол нь ган лугаа адил бат бэх байхыг бэлгэдсэн ган дөрвөн цэцэг хийсэн байна.
     Бид элч сүлдний эх зургийг гаргахдаа энэхүү цэцэгний оронд далбаа маягийн дөрвөн талт ган дээр (хоёр талд нь) Чингис хааны үеийн гэрэгэ-ний дээд хэсэгт байдаг бэлгэдэл дүрсийг монгол дархны аргаар алт суулгаж жийжүүдэн урлахаар төлөвлөн зурсан болно. Энэ нь дөрвөн элч сүлдэнд нэгэн адил байх бөгөөд харин уг бэлгэдэл дүрсний голд нь өөр өөр эрдэнийн чулуу (оюу, номин, шүр, сувд) шигтгэнэ.
     Чингис хааны үед Хар сүлдний дөрвөн хөлийг гол сүлдний элч төлөөлөгч болгон аян дайнд авч явдаг байсан бөгөөд ийм ч учраас тэдгээрийг “Элч сүлд” гэж нэрлэх болсон байна. Ийм учраас дөрвөн талт далбаан дээр дүрсэлсэн энэхүү бэлгэдэл дүрс нь уг сүлд нь монол орон дөрвөн зүгт харгалдах дайсангүй амар түвшин байж, монгол цэргийн сүр хүч дөрвөн зүгтээ мандаж байхыг бэлгэдсэн элч сүлд болохыг илтгэж байгаа юм.
     3. Бүх цэргийн Хар сүлдний суудлыг хээ товойлгосон 44х37.5х33 см-ын хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй хөх саарал боржин чулуугаар бүтээсэн байна.
     Харин элч сүлдний суудлыг дугуй хэлбэртэй, доод хэсгээрээ 35 см, дээд хэсгээрээ 26.4 см диаметртэй, 30 см өндөр боржин чулуугаар хийхээр төлөвлөсөн болно. Энэ нь эртний монгол цэргийн зохион байгуулалтын “хүрээ” хэлбэрийг илэрхийлж байгаа юм.
     4. Бүх цэргийн Хар сүлдэнд дөрвөн хар бүч хийсэн байна. Эдгээр нь дөрвөн хөлт Хар сүлд байгааг төлөөлөх бөгөөд хар бүчин дээр хөх өнгө байгаа нь мөнх тэнгэрийн дор Хар сүлдээ залж байгааг бэлгэджээ.
     Харин дөрвөн элч сүлдний энэхүү бүчийг хөх өнгийн савхиар хийж дээр нь угалзан хээг шаглан оёохоор төлөвлөж байна. Энэхүү хөх өнгийн дөрвөн бүч нь мөнх тэнгэрийн доор Хар сүлдээ залж байгааг бэлгэднэ. Мөн Хар сүлд нь хөх тэнгэрээс бууж ирсэн гэх домгийн санааг давхар илэрхийлэх болно.
     5. Бүх цэргийн Хар сүлдний шилбийг тод цагаан өнгөөр будсан оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороосон байна.
     Элч сүлдний шилбийг мөн адил оонын хүзүүний арьсаар ороох бөгөөд харин уг арьсыг тод цагаан бус зааны ясан цагаан өнгөөр будвал илүү зохимжтой юм гэж комиссын гишүүд үзэж байна.
     Эдгээрээс бусад нь Бүх цэргийн Хар сүлд буюу гол сүлдтэйгээ адилхан байх болно.
Гурав. Бүх цэргийн Хар сүлдний өргөөнд байрлуулах 
нум сум, илд
     Бүх цэргийн Хар сүлдний өргөөнд эртний монгол цэргийн хүчит зэвсэг-нум сум, илдийг шинээр хийж байрлуулах нь зүйтэй гэж комиссын хурлаас шийдвэрлэн тэдгээрийн эх зураг, материалын болон зардлын тооцооны төслийг боловсруулан батлуулахаар Батлан хамгаалахын сайдын зөвлөлд өргөн барьж байна
     Эдгээр зэвсгийн эх зургийг гаргахдаа монгол цэргийн зэр зэвсгийн чиглэлээр явуулсан судалгааны үр дүн, археологийн олдвор, Монгол цэргийн музей болон бусад музейд хадгалагдаж буй зэр зэвсгийн зүйлсэд хийсэн судалгаанд тулгуурласан болно. Энэ үндсэн дээр тэдгээрт эртний монгол цэргийн зэр зэвсгийн хэлбэр, хэмжээ, хийц, бэлгэдлийг шингээж өгсөн байна.
Нум. Нумын урт 1.49 м. Янгирын эвэр элэгтэй, хулсан их бие, хусан гичиртэй, бугын эврэн гуравчтай, XII-XIII зууны үеийн нарийн хийцийн, морин хэвийн, зүймэл нум.
     Нум агуулах хоромсого нь үхрийн зооны ширээр хийсэн, зэвэрдэггүй ган тоногтой, XII-XIII зууны үеийн хэлбэр хийцтэй, уламжлалт хээтэй байна.
    {mosimage Ховд буюу саадаг. Хар хүрэн өнгөтэй үхрийн хүзүүний ширээр хийсэн, зэвэрдэггүй ган тоногтой. Ширнээс нь хөөж гаргасан эвэр угалзан хээтэй, 25-30 сумны багтаамжтай.
Сумнууд нь XII-XIII зууны үеийн хэлбэр хийцтэй, 8-10 төрлийн төмөр зэвтэй, тасын өдөөр өдөлсөн, хад жимсний хальсан хатгирттай, янгирын эвэр оньтой, 80 см орчим урттай байна.
Илд. Урт нь 77.9 см, өргөн нь 3.5-4 см, зузаан нь 4.5 мм. Гангаар хийж өргөн, нарийн хоёр давхар ховил татсан, илдний угт хоёр талдаа давхиж яваа чонын сийлэгтэй, хүрэл толттой, бариулын төгсгөл нь үүлэн хээтэй алтан шаргал өнгөтэй байна.

Эх сурвалж

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
хар цэцгийн гвард (зочин)

мэдлэг олгосонд баярлалаа

R[@]NG[e]R

zgr

Зочин

мэдхэд илүүдэхгүй юм байна эх хувь тэгүүл хятадад байгаа болж таарчиинуу

Зочин

хар тугхыхаа фото зургийг оруулчихад яадаг байнаа

naranzul (зочин)

sn bna uu ene medeellig minii mail haygruu ywuulj ugch tuslahq biz yaaraltai bna

Naranzul (зочин)

Guijiin

aaaa (зочин)

tataj awj bolhuu

naran (зочин)

Shan medeelel bna...Saitaa shinelehgui ymuuuu...

suvdmaa (зочин)

bi 9 angi 9 oo togsood batlanluu orj boloh bolvuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)