МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Бригадын генерал цол олгов
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Бригадын генерал цол олгов

Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага төлөвлөлтийн газрын дарга Д.Баярсайхан, Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч бөгөөд ЗХЖШ-ийн Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Д.Энхбаатар, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Т.Дашдэлэг нар “Бригадын генерал” хэмээх офицерийн дээд цол хүртлээ.

Бригадын генерал Д.Баярсайхан

Д.Баярсайхан бол Иракийн дайнаас төрсөн генерал юм. Түүний удирдлага, зохион байгуулалтан дор Иракийг зорьсон Монголын хоёрдугаар ээлжийн цэргийн баг “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ эвслийн хүчний олон мянган цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийн амь насыг аварч байсан юм. Энэхүү баатарлаг гавъяаг гардан гүйцэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож дэлхий даяар монгол цэргийн нэр төрийг өндөрт өргөж чадсан билээ.

Бригадын Генерал Д.Баярсайхан нь 1999 онд шинээр байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны албанд байхдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын ажиллагаанд оролцох онол, практикийн асуудлыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн.

Тэрээр ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд түвшний сургуулиудыг дүүргэсэн бөгөөд АНУ-ын төвийн командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байхдаа бичсэн “Амиа золиослогч террорист ажиллагаа” судалгааны бүтээлийн дүгнэлтийг Ирак, Афганистаны дайнд эвслийн цэргийнхний гарын авлагад тусган ашигладаг.

 Ийнхүү түүний Зэвсэгт хүчний салбарт олон жил өндөр бүтээмжтэй ажиллаж улс орныхоо нэр төрийг дэлхийн түвшинд өндөрт өргөж яваа гавъяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж Бригадын генерал цол олгосон байна.

Бригадын генерал Д.Энхбаатар

Д.Энхбаатар нь ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж, зэвсэгт хүчнийг шинэчлэх ажилд УБХ-ын гишүүн байхаасаа анхааран ажиллаж ирсэн байна. Тэрээр цэргийн тагнуулын газрын мэргэжилтнээс эхлээд Батлан хамгаалах яамны газрын дарга, зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч хүртэлх хариуцлагатай ажилд амжилттай ажиллаж ирсэн офицер-цэргийн дарга юм.

Орчин цагийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай, Дайны байдлын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай зэрэг хуулиудыг шинэчлэн боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн түүний зүтгэлийг үнэлж Бригадын генерал цол олгосон байна.

Бригадын генерал Т.Дашдэлэг

Бригадын генерал Т.Дашдэлэг нь улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэл, техникийг орчин үеийн жишигт нийцүүлэн шинэчилж цэргийн нисэхийг цоо шинээр эрчимтэй хөгжүүлэх ажлын эхлэл тавигдаж нисэхийн шинэ зэвсэг техник хүлээн авч байгаа хариуцлагатай энэ цаг үед ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч хэмээх онцгой хариуцлагатай ажлыг удирдаж байна.

Мэдлэг, туршлагын хувьд ч энэ хэмжээнд бэлтгэгдсэн цэргийн дарга бөгөөд Одессын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн команд-инженерийн дээд сургууль, Москвагийн Ю.А.Гагарины нэрэмжит Агаарын цэргийн академийг дүүргэж зенит пуужингийн техникч, батарейн захирагч, инженер, штабын дарга, ангийн захирагч гээд бүх шатанд ажиллаж ирсэн түүний туршлага, зүтгэлийг үнэлж бригадын генерал цол олгосон байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)